Насанд хүрсэн хүн болон хүүхдийн хандлага, мэдрэмжид бидний өмсөж буй хувцасны загвар, өнгө ихээхэн нөлөөлж байдаг. Өглөө сэрээд өөрт таалагдсан, сэтгэлд нийцсэн хувцсаа өмсөөд гарахад тэр өдөр аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн өнгөрч, өөртөө итгэлтэйгээр ажлаа хийж гүйцэтгэдэг. Харин өөрт таалагдаагүй, нэг л зохицоогүй мэт, биед тухгүй, эвгүй оргисон хувцас өмсөөд явахад сэтгэл санаа тавгүй, тэр өдөр бүтэлгүйтлээр дүүрэн мэт өнгөрдөг шиг хүүхдэд ч мөн адилхан нөлөөлдөг билээ. Биед тухтай, хөнгөн хувцас өмсөх дуртай жаахан охид бантиктай трико, юбка өмссөн үедээ триконыхоо бантикийг байн байн харах, авах гэж оролдох бүр эсвэл трикогоо тайлаад бантикаар нь тоглох тохиолдол ч байдаг. Харин даавуун, тайлж өмсөхөд хялбархан өмд өмсөх дуртай хөвүүдэд жинсэн өмд өмсгөхөд татаж чангаах, уурлах, тоглохгүй суух зэрэг зан авир гаргах үе ч бий. Тиймээс томчуул бид өөрсдийн сэтгэлд нийцсэн, хүссэн хувцсаа өмсүүлэх гэж хичээх биш тэдний зан араншин, хийх дуртай зүйлс дээр үндэслэн хувцаслах нь цаашдын хүмүүжилд нь ч эергээр нөлөөлөх боломжтой.
Хүүхэд бүрд үргэлж өмсдөг, угаасан үед өмсөх гэж зөрүүдэлдэг, бараг хаяхаар болчихсон хувцас байдаг. Учир нь тэр л хувцас түүнийг аз жаргалтай болгож, өөрөөрөө байх боломжийг олгодог байж болох юм. Гэхдээ тэр хувцас нь урагдчихсан, толбо болчихсон үед сургууль, цэцэрлэг эсвэл ямар нэгэн баяр руу өмсүүлж явуулахад хэцүү шүү дээ, тийм ээ? Ийм үед өмсөх боломжит хувцасны сонголтуудыг гаргаж өгөн, өөрөөр нь сонгуулах маягаар хувцсыг өмсүүлбэл зөрүүдлэх магадлал багасдаг гэж үзжээ.
Тэгвэл өнгө хэрхэн нөлөөлдөг вэ?
Бид хоолыг давсаар амталдагтай адил өнгө ч мөн амьдралын амт болж өгдөг. Хүүхэд бүхэн өдрийн турш олон зүйлтэй тулгарч, янз янзын мэдрэмжтэй нүүр тулдаг. Нэг өдөр л айдас, гуниг, баяр хөөр, стрессийг мэдэрч тэвдэж сандрах, өөрийгөө ойлгохгүй уурлах үе тэдэнд тулгардаг. Ийм үед тэнгэр адил уудам, уужим сэтгэгдэл төрүүлэх хөх, цэнхэр эсвэл цайвар ягаан өнгийн хувцас өмсүүлбэл тайвширч тогтуун болдог. Иймээс ихэвчлэн дүрэмт хувцас, эмнэлгийн хувцас, унтлагын хувцас хөх, цэнхэр, ягаан өнгөтэй байдаг билээ.
Харин улаан өнгө нь их анхаарал татаж, нүдэнд өртдөг тул ганцаараа үзүүлбэр үзүүлэх, эсвэл уралдаан тэмцээнд орох үед эсвэл өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийг хүсвэл өмсөхөд их тохиромжтой.
Гэвч мэдээж тэдний сонголтыг хүндэтгэж үзэх нь чухал. Хүүхдүүд ихэвчлэн өөрсдийн мэдрэмжээ хувцасны өнгөөр илэрхийлдэг учир үүнийг харгалзан үзвэл зохистой. Хэрэв хүүхэд тань хар өнгийн хувцас өмсөхийг зорьвол өөрийн мэдрэмжээ нууж, өөрийгөө хамгаалахыг хүсэж буйн илэрхийлэл. Хэрэв гунигтай, таагүй байвал сэтгэл санаагаа дэмжиж тод өнгийн хувцас өмсөх нь ч бий, эсвэл эсрэгээрээ баяртай, жаргалтай байвал тод өнгийг сонгох боломжтой байдаг. Тиймээс бид хүүхдийнхээ юу мэдэрч буйг өнгөөр шинжин юу хэрэгтэй буйг ойлгох боломж нээгдэж байгаа юм.
Comments