Бидний хайртай үрс өдөр тутамдаа олон шинэ зүйлстэй танилцаж байдаг. Тиймдээ ч үргэлжид ямар нэгэн зүйл эрэлхийлэн үсэрч, дэвхцэж, өнхөрч, мөлхөж хувцсаа бохирдуулах, урах тохиолдол олонтоо. Мөн эдэлгээний явцад хувцасны материал нимгэрэн цоорч урагдах үе элбэг. Иймд бид хүүхдэдээ хувцас сонгон авахдаа зөөлөн, удаан эдэлгээтэй, хөдөлгөөн хязгаарладаггүй материалыг сонгох нь зүйтэй.
Тэгвэл ямар материал хүүхдэд хамгийн ээлтэй бөгөөд сайн бэ?
Ихэнх мэргэжилтнүүд хүүхдийн хувцсыг хангалттай амьсгалдаг, хөлс шингээдэг, харшил өгдөггүй байх хэрэгтэй гэж үзжээ. Тэгэхээр ямар материалууд энэ шаардлагуудыг хангадаг вэ?
Хөвөн даавуу (cotton)
Хөвөн даавуу нь хамгийн байгальд ээлтэй материалуудын нэг хэмээн тооцогдож ирсэн. Тус материал бат бөх, удаан эдэлгээтэй, угаалгын нунтаг, цайруулагч зэрэг химийн бодист тэсвэртэй бөгөөд чийгийг шингээж, агаар нэвтрүүлдгээрээ онцлог.
Маалинган даавуу (linen)
Энэхүү материал нь хөвөн даавуу шиг өргөн хэрэглэгддэг байгалийн даавуу юм. Мөн хөнгөн, нимгэхэн мэдрэмж төрүүлдэг учир зуны халуун дулаан саруудад маалинган даавуугаар хийсэн хувцас өмсөхөд их зүгээр бөгөөд агаар нэвтрүүлж чийгийг хадгалдаг олон давуу талтай. Харин анхаарах зүйл нь маалинган даавуу хүрэхэд бага зэрэг барзгар байх тул нярайн арьсанд тохиромжгүй.
Флийс (fleece)
Флийс бол дулаан, хөнгөн бөгөөд удаан эдэлгээтэй, өнгө алдахгүйгээс гадна боломжийн үнэтэй учир хүүхдийн хувцас үйлдвэрлэхэд ихээхэн хэрэглэгддэг юм. Энэ материалыг дахин боловсруулсан хуванцраар хийдэг ба ихэвчлэн цамц, хүрэм, малгай зэргийг хийхэд ашигладаг.
Ноос (wool)
Ноосон материал амьсгалах болон хөлс шингээх чадвартай, дулаахан тул хүүхдийн өвлийн хувцасны түгээмэл сонголт юм. Гэвч хэт халуун усанд угаавал агших, татаж сэгсэрч хатаавал сунаж хэлбэрээ алдах эрсдэлтэй учир арчилгаа их шаарддаг онцлогтой.
Comments