Төрсөн өдөр, баяр ёслолын үеэр эсвэл зүгээр л хүүхдэдээ бэлэг болгон тоглоом авч өгөхдөө яг ямар тоглоом авч өгвөл зүгээр вэ гэдэгт бид эргэлзэж эхэлдэг. Заримдаа тэрийг ч, энийг ч авч өгмөөр юм шиг санагдана. Дэлгүүрийн тавиур дээр өнгө өнгөөрөө алаглах төрөл бүрийн тоглоом бидний нүдэнд тусна. Гэвч хүүхдийн сонирхлыг татах, хэзээ ч уйдаахгүй, эдэлгээ сайтай, хамгийн чухал нь сурч хөгжихөд нь туслах ямар тоглоом худалдан авбал зүгээр вэ?
Лего буюу угсардаг тоглоом
Угсарч өрдөг тоглоом хүүхдийн тархины хөгжилд сайнаар нөлөөлөхөөс гадна сэтгэн бодох болон шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхэд их тусалдаг ажээ. Хэрэв хүүхэд 3-5 насандаа энэ төрлийн тоглоомоор тоглож өссөн бол бага сургуульдаа тоо, математикийн хичээлд сайн байдгийг судлаачид анзаарчээ.
Эвлүүлдэг, асуудал шийдвэрлэдэг тоглоом
Хүүхдүүд эвлүүлдэг тоглоом тоглох үед тэдний асуудал шийдвэрлэх чадвар, гар нүдний зохицуулалтыг хөгжүүлэхийн сацуу гар, бугуй, хурууны жижиг булчингуудыг ажиллуулж байдаг. Түүнээс гадна хэлбэр дүрс таних, орон зайг танин мэдэх чадвар болоод санах ойг сайжруулдаг билээ.
Дуурайн жүжиглэж тоглох
Цагдаа, эмч, барилгын ажилчин эсвэл дуртай хүүхэлдэйнийхээ дүрд орж жүжиглэн тоглосноор олон зүйлсийг таньж, мэдэж, сурч байдаг. Мөн дүрд хувиран тоглосноор сэтгэл хөдлөл, өөрийн мэдрэмжээ илэрхийлэх чадвар нэмэгдэж, нийгэмшдэг байна.
Урлан бүтээх тоглоом
Хүүхэд балын харандаа, өнгийн харандаа, шохой, усан будаг зэргийг ашиглан зурж, бичсэнээр мөн баримлын шавраар аливааг урласнаар тэдний гарын жижиг булчингууд хөгжиж байдаг. Энэ нь тэдний биеэ удирдах аливаа үйлдлийг хийх чадварыг дэмждэг. Зурах явцдаа харандаагаа чанга дарвал тод гарах, цаас урагдаж болохыг ухаарч үйлдэл бүрд үр дагавар байдгийг ойлгох болно. Түүнчлэн юу бичих, юу зурахаа толгойдоо төсөөлөн бодож, төлөвлөгөө гаргадаг тул шүүмжлэлт сэтгэлгээ хөгжиж байдаг. Эцэст нь бүтээлээ хүнд үзүүлэн тайлбарласнаар ярианы чадвар сайжирч, эргээд асуултанд ухаалгаар хариулахад суралцдаг билээ.
Хөдөлгөөн шаардах тоглоом
Хүүхдийн хөдөлгөөнийг дэмжих унадаг дугуй болон шидэж, өшиглөх, барьж авах том, жижиг бөмбөг, хуванцар цохиур зэрэг тоглоом авч өгснөөр анхаарал, ой санамж болоод сурлагын гүйцэтгэлийг сайжруулж, мэдрэлийн эсийг үржүүлэн тархины үйл ажиллагааг дэмжихээс гадна сэтгэл санааг нь тогтвортой байлгахад тусалдаг байна.
Мэдээж тоглоом хүүхдэдээ сонгон худалдаж авч өгөхдөө тэдний нас, хөгжлийг бодолцож, хамгийн түрүүнд аюулгүй байдлыг нь хангаж байгаа эсэхэд анхаарах нь зүйтэй. Түүнчлэн хүүхэд бүрийн хөгжил өөр хурдаар, өөр түвшинд явагддаг тул үүнийг бодолцон хүүхдийн сонирхол татахуйц тохирсон тоглоом авч өгөөрэй.
Comments