Хичээлээ хийнэ, өглөө эртлэн босно гэдэгт санаа зоволгүй хүссэн цагтаа унтаж сэрэн, хүссэн зүйлээ идэж, зуны туршид найз нөхөд, ах дүүстэйгээ цагийг өнгөрөөн, тоглож нааддаг адал явдлаар дүүрэн цаг үе өндөрлөх дөхөн хичээлийн шинэ жил, шинэ үүрэг хариуцлага, өөрчлөлт хаалга тогшиход хүүхэд бүхэн гэнэтийн ухааралтай нүүр тулна. Энэ л үед эцэг эхчүүд болон хүүхдүүд бага зэрэг сандарч, бас сэтгэл хөдлөл болон баяр хөөрөөр дүүрэн байдаг. Иймд гэнэт нэгэн зэрэг гарч ирэх олон ажил, бас гэнэтийн сандрал, айдас, тавгүй байдлаас сэргийлэхийн тулд хэрхэн зохион байгуулалттай ажлаа төлөвлөн, өөрсдийн болон хүүхдүүдийнхээ бие физиологи, сэтгэл санааг бэлдвэл зүгээр вэ?
Өглөө эрт аажмаар босгож эргэн сургах
Хүүхдийн хөгжилд мэдээж нойр маш чухал. Оройдоо сайн амарч нойроо авах нь хүүхдийн сурлагын чадвар, сэтгэл санаа болоод зан аашинд ихээхэн нөлөөтэй. Зуны амралтын үеэр хүүхдүүд унтлагын цагаасаа оройтож унтан өдрийн алдад сэрэх нь энгийн үзэгдэл болж дадан хэвшсэн байдаг. Тиймдээ ч гэнэт эрт сэрэн өдрөө өөрөөр өнгөрүүлж эхлэхээр ядарч сульдан, стрессдэх магадлал ихэсдэг. Иймээс зуны амралтын сүүлийн хэдэн долоо хоногоос бага багаар, аажим аажмаар хүүхдээ 1 цагийн өмнө эрт унтуулах, 1 цагийн өмнө сэрээж эхлэн өдөр хоног өнгөрөх бүрд цагийг нь ихэсгэх зэрэг арга хэмжээ авч бие махбодыг нь дасгавал хичээлийн шинэ жил эхлэхэд арай тайван, сандрах нь багасах болно.
Хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас худалдаж авахдаа хүүхдээ дагуулж яваарай
Хүүхдийн нас, ангиас хамааран эцэг эх нь хичээлийн шинэ хэрэгсэл, цүнх, дүрэмт хувцас зэрэг шаардлагатай эд зүйлс худалдаж авах хэрэг гардаг. Харин эдгээрийг цуглуулахаар дэлгүүр хэсэхдээ хүүхдээ дагуулж яван сонирхолд нь тааруулахын зэрэгцээ энэ завшааныг ашиглан хичээлийн хэрэгслийг сонгуулах явцдаа чанар, үнийг харгалзан сануулж тэдтэй зөвлөлдөн, хамтдаа шийдвэр гаргаж худалдан авбал илүү дурсамжтай байх биз ээ. Ингэснээр хүүхэд зовнил, санаашралаар бус баяр хөөр, хүлээлтээр дүүрэн амралтаа өнгөрөөх болно.
Анги ахин суралцахад тэднийг юу хүлээж байгааг сануулж зөвлөх
Анги ахих тусам хариуцлага нэмэгдэж, үзэх хичээлийн агуулгын хүрээ өргөжиж, олон өөрчлөлттэй тулгардаг учир хичээл орохоос өмнө түүнийг юу хүлээж байгаа, ангийн багш нь солигдож байгаа эсэх, ямар шинэ зүйл сурч мэдэн мэдлэгээ тэлэх тухай зааварлан тайлбарлах юм бол тэд айж сандралгүй сониучаар хандах боломжтой болно.
Өдрийн цагийн хуваарийг тайлбарлаж хэлээрэй
Өглөө хэдээс гарах, өдөрт хэр их хугацааг сургууль дээрээ өнгөрүүлэх, хичээлээ тараад даалгавраа хэдэн цаг хүртэл хийх болон чөлөөт цаг нь хэдээс хойш байх, өөрөөр хэлбэл өдрийн төлөвлөгөөг нь учирлан тайлбарласнаар дадал зуршил хэвшүүлэхэд нь туслахаас гадна тэдний ирээдүйн амьдралын явцад хэрэг болох болно.
Толгой ажиллуулах тоглоом тоглох
Зуны амралт гурван сарын турш үргэлжилдэг болохоор хүүхдүүд хичээл хийхээс хөндийрөх, үзсэн хичээлээ мартах, дан тоглох талаар бодох зэрэг бэрхшээлүүд гарч эхэлдэг. Тиймээс үүнээс зайлсхийхийн тулд хөлөгт тоглоом гэх мэт толгой ажиллуулах мэдлэг сорьсон тоглоом тоглуулахыг зөвлөдөг байна.
Comments